2011-03-04
Сонголт 23 хоног
 Удахгүй болох Гэгээн муза наадамтай холбогдуулан
УДЭТ-ын 75-н жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал дээр тавигдсан
Найруулагч УГЗ Б. Баатарын "Сонголт" илтгэлийг хүргэж байна.

     Манай театр сүүлийн 5-н жилд 48 жүжиг тавьжээ. Энэ бол өмнөх 70 жилийн түүхэнд гарч байгаагүй аварга үзүүлэлт. Тоон утгаар нь авч үзвэл толгой эргэм амжилт. агуу гайхамшигтай гэсэн тодотгол  өгсөн ч багадах үзүүлэлт. Гэвч энэ маань амжилт мөн үү?!
Аливаа тэмдэглэлт ойгоор зөвхөн сайхнаа яриад хэдэн биенээ магтаад, өргөмжлөл шагнал  гардуулаад, найр наадам хийгээд дуулиан шуугиан үүсгээд өндөрлөдөг монгол "жаягаасаа" гажиж, өөр өнцгөөс харахыг би хүсэж байна.
     Монголын үе үеийн агуу жүжигчдийг төрүүлж, өсгөж өндийлгөсөн. Монголын театрын урлагийн түүхийг бүтээгч манай театрын нэн шинэ түүх буюу сүүлийн таван жилийн уран бүтээлийн гэрэл сүүдрийг нягтлан шүүж, нэгтгэн дүгнэхийн өмнө цөөн хэдэн тоог хэлье.
     2001-2006 онд бидний "амьдруулсан" 48 жүжгийн 17 нь төлөвлөгөөт уран бүтээл, 21 нь гэрээт уран бүтээл, 10 нь сэргээн тавьсан жүжгүүд байна. Нийт жүжгийн 1/4 нь хувь буюу 12 нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, орон орны уран бүтээлчид өөрийн тайзнаа тавихыг нэр төрийн хэрэг гэж үздэг сонгодог жүжгүүд байна.  Монголын түүхээс сэдэвлэсэн 5 жүжиг тоглосон бөгөөд эдгээрийг үндэсний сонгодог бүтээл гэж нэрлэх эсэх нь цаг хугацааны шалгуураас хамаарна. Гэхдээ жинтэй буюу даацтай уран бүтээлийн тоонд эдгээр таван жүжиг мөн "Саран хөхөө"-г хамруулахад хэн ч маргахгүй биз ээ.
      Дэлхийн сонгодогууд дээр сая дурдсан 6 жүжгийг нэмэхэд манай театрийн сүүлийн таван жилийн нийт уран бүтээлийн 1/3 нь академик театрын шалгуурт тэнцэх бүтээл байна. гэж хэлж болох юм. энэ баримтаас үүдэн миний бие өнөөдрийн илтгэлээрээ ганцхан зүйлд та бүхний анхаарлыг хандуулахаар шийдлээ. Энэ бол сонголт хэмээх сэдэв. Сонголт!
     Ерөөс амьдрал өөрөө сонголт байдаг. Орших эс орших ч сонголтоос хамаардаг. Улс орон ч, албан байгууллага ч хувь заяагаа сонголтоор шийддэг. Хүн ханиа, хоолоо, хувцсаа, ажил мэргэжлээ, итгэл үнэмшлээ ер нь бүх зүйлээ үргэлж сонгож, тэр сонголтоос нь сайн муу, сайхан муухай явах эсэх нь хамаардаг.
     Манай театрын сүүлийн таван жилийн уран бүтээлийн тоон үзүүлэлт ч бидний сонголтын бодит дүр зураг. Бидний сонголт зөв үү, буруу юу гэдгийг бэлхнээ гэрчлэх маргаж мэтгэхийн аргагүй дүр зураг. энэ дүр зураг намайг олон олон сонголтын тухай ярихад хүргэж байна. Тэхээр бидний хийх ёстой хамгийн том сонголт бол УДЭТеатр нэрэндээ зохицсон , урын сандаа дэлхийн сонгодог жүжгүүд, үндэсний сонгодог бүтээлүүдийг багтаасан хамт олон байх уу, эсвэл нийгэм цаг үетэйгээ зохицсон хүмүүсийн сэтгэхүйд тааруулсан арилжааны жүжиг голлон бүтээдэг хамт олон байх уу  гэдэг асуудал юм. Дээрх хоёр тайлбарын аль алиных нь дундаж хувилбарыг сонгох боломж бас бий.
     урын сангийн бодлогоороо ард олныг хөтөлж, нийгэм цаг үеэсээ түрүүлж явах уу, эсвэл тэдний хүсэж буй хөнгөн зугаатай , алиа марзан өнцөг, чамин бүтээлийг нь түлхүү тавих уу гэдэг бол сонголт. Энэ сонголтоос театрын маань нэр, эрхэм зорилго, зорилт хамаарна. Өөрөөр хэлбэл бид мэргэжлийн сонгодог замаа хөөх үү, сонирхогчийн театр байх уу гэдэг сонголтын өмнө ирээд байна.
     Хоёр дахь сонголт. Бид ямар жүжиг тавих вэ? Хэн түүнийг сонгох вэ? Мөнгө мэддэг хүн сонгох уу, бүтээлээ тавьдаг найруулагч нь сонгох уу? өнөөдөр бол мөнгө мэддэг нь ямар жүжиг тавихаа сонгодог, найруулагч нар нь тэр бүтээлийг найруулан тавих эрх авахын төлөө тендерт орж өрсөлддөг тогтолцоо бий болоод байна. 
     Ямар ч улсын, ямар ч театрт найруулагч хүн өөрийн уран бүтээлийн нөөц , урын сантай байж, шилж сонгох эрхтэй байж чанартай уран бүтээл хийдэг. Энэ уламжлалыг дагах уу, сөрөх үү гэдэг сонголт бидний өмнө байна.
     Сонголт бас дахин сонголт ! Нэгэнт зохиолоо сонгочихсон тохиолдолд жүжигчнээ сонгох ёстой. Дэлхийн ямар ч сонгодог зохиолд эмэгтэй дүр нь цөөн байдаг өвөрмөц нэгэн зүй тогтол бий. Театр энэ зүй тогтлыг үндэслэн жүжигчдээ сонгодог. Өөрөөр хэлбэл эмэгтэй жүжигчид нь цөөн тоотой байдаг. Гэтэл манайд энэ байдал   урвуугаараа эргэж, нийт жүжигчдийн 60 хувь нь эмэгтэйчүүд болчихоод байна. Энэ чигээрээ явах уу эсвэл гэдэг сонголт ...
     Жүжигчдийн цуглуулга бол бас л сонголт. Театр театр шиг байж, бүтээл бүтээл шиг байх нь энэ сонголтоос үлэмж хамаардаг. Театр бол янз бүрийн дүр төрхтэй жүжигчдийн цуглуулга байх ёстой. Гэтэл өнөөдөр нэгэн хэвийн болчихоод байна. Өвөрмөц содон дүр төрх үгүйлэгдэж байна. З. Пүрэв шиг, Н. Цэвээнравдан шиг жүжигчид үгүйлэгдэж байна. Харин ч эсрэгээр найруулагч нар нь таягтай, бүдүүн нарийн, янз бүрийн дүр төрхтэй байх шиг. 
     Жүжигчидтэй холбоотой бас нэгэн сонголтын асуудал бол тэдний нас. Театрт нас насны жүжигчид байх ёстой. Дэлхийн том театрууд 60 гарсан жүжигчдээ манайх шиг тэтгэвэрт гаргадаггүй. Тэд үхэн үхтлээ театраа байж л байдаг. Таарч тохирох дүрээ бүтээж л байдаг.
     Аль ч насны жүжигчид бэлэн байдаг. Гэтэл манайд зарим насны жүжигчид олдохгүй, насны сонголтын хувьд армаг тармаг, дов сондуултай газар  шиг алаг цоог болчихоод байгаа нь дахиад л сонголтын алдаа.
     Сонголт. Бас дахиад сонголт. Одоо би зураачдын талаар цөөн үг хэлье. Өнөөдөр театр таван хуруунд багтах зураачтай. Тэдний бүтээлээс дахин давтагдашгүй, бахдам бишрэм, цочирдом гайхам, шагшин бахдам өнгө аяс харагдахгүй байна. Урлаг соёлын мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх төрийн бодлого аль өнгөрсөн зууны ерөөд оноос хойш алдагдаж, үүний улмаас өвөрмөц хэл, өвөрмөц арга барил, өвөрмөц сэтгэлгээтэй театрын зураач сонгох боломжгүй болсны үйлийн үр өнөөдөр илэрч байна.
     Сонголт дахиад сонголт ! Театр судлалтай байх уу, үгүй юу гэсэн сонголт. Өнөөдөр аль нэг сонины сэтгүүлч охины бичсэн сэтгэгдлийг бид шүүмж, театр судлал гэж үзэх үү? Мэргэжлийн театр судлаачид хаана явна. Профессионализм хаачив? Алдаа оноогоо, ахиц дэвшлээ, уналт ухралтаа, алс ирээдүйгээ хэрхэн олж, онож тодорхойлох вэ? Номыг нь үзэж жамыг нь таньж ирсэн мэргэжлийн судлаачид, маэстро нар хаа явна. Театр судлалын хар нүхийг гэрэлтүүлэх үү, хэвээр нь үлдээх үү гэдэг бас л сонголт.
     Эцэст нь хэлэхэд бид нэгэн чухал сонголтын өмнө зогсож байна. энэ бол глобалчлагдаж байгаа хөгжил хөдөлгөөн нь улам бүр хурдасч, хэмнэл давтамж нь улам бүр тэсэрч буй энэ цаг үед зүг чигээ зөв сонгож, угтаж ирээдүйгээ сонгож, оршин тогтнох арга хэлбэрээ зөв сонгож жинхэнэ хаан сонголтоо хийх явдал юм. Тийм ээ! Сонгосон сонгол маань хаан сонголт байх ёстой. Тэр цагт театр мандан бадарна. 

Эх сурвалж:  Д. Нацагдоржийн нэрэмжит Драмын эрдмийн театр. "Эрдмийн тайзнаас ...".  УБ. 2009


Бичсэн: amur | цаг: 18:44 |
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих