2011-03-22
Бид Хятадыг үзэн яддаг гэхдээ ...
Хэзээнээс эхэлж, юунаас болж Монгол Хятад хүмүүс бие биенээ үзэж чадахгүй болсныг мэдэхгүй юм.  Миний хувьд Хятад хүнтэй хэрэлдэж, муудалцаж, дургүй болох нь битгий хэл нэг удаа ч болов дохио зангаагаар ч гэсэн харилцаж үзээгүй.  Надтай адилхан олон Монгол бий. Түүнээс ч олон Хятад хүмүүс бий. Гэхдээ л бид бие биендээ дургүй. Зүгээр ч дургүй биш үнэн голоосоо дургүй. Гэтэл харин тэхээс тэгэх гэсэн юм шиг (Бурхад) биднийг зэрэгцүүлсэн.
Энэ мэтээр яагаад зэрэгцүүлсэн юм бол, яагаад бие биендээ дургүй юм бол, яагаад, яагаад гэж хангалттай дайсагналцаж байгаа хоёроос зөрчил, тэмцэл ухан суухын оронд тэд биш бид юуг нь сураад авчихмаар юм бэ гэж бодож суувал бидэнд хэрэгтэй мэт.

Сурах гэдэг ижилсэнэ гэсэн үг биш гэдэг нь ойлгомжтой.  
  • Хөх хөвөнтэй өмд, хар шаахайгаас өөр юм өмсдөггүй байсан Хятад өнөөдөр дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогчдын тоонд орчихоод явж байна.
  • Нүүрээ нуудаг байсан Хятад бүсгүй сая сая хүний өмнө усны хувцастай харц дээгүүр алхаж байна.
  • Саяхан болтол сампин барьж байсан залуу өнөөдөр шилдэг программ зохиож явна.
  • Байр байшин ч гэж дээ гэмээр сууцанд амьдардаг байсан Хятад айл дэлхийн шилдэг архитекторуудын ухаанаа уралдуулж, гараа гаргасан тэнгэр баганадсан барилга дээрээс хотоо харан сууж байна.
  • Хаалттай хот шигээ хэн дуртай нь нэвтрээд хаа дуртай газраа очин эрх чөлөөтэй байж болдоггүй, боломжгүй гэгдэх тэр улс өнөөдөр урлаг, соёлын төв болж байна. Киног нь үз. Зурагтуудыг нь хар. Дэндүү богино хугацаанд яасан ч их амжилттай аж төрж байна даа. Атаархал төрж байна уу? Атаархаж суухынхаа оронд хүсвэл ажилтанд хүрч болдгийн байна гэдгийг  эхлээд харцгаая. 
  • Спортын тухайд яриад ч хэрэггүй байх дэндүү хүчтэй өрсөлдөгчид болсон.  Хүчгүйдээ, залхуудаа, хөрөнгөгүй дээ тэд Олимп хийгээ юу?
Ганцхан жишээ танай гэрийн болон таны ойр орчмын найзууд, хамаатнууд аль нэгнийх нь зургийн альбомыг үзэж байхад Хятадын Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнгийн өмнө авахуулсан зураг нэг биш байгаа гэдэгт барьсан ч алзахгүй. Харин хэдэн хятад айлд Монголын хаана, юуных өмнө авахуулсан зураг байдаг бол ??? 

Өөрийн эрхгүй нэг зүйл санаанд орж байна. Д. Сүхийн хөшөөг нураана, зайлуулна гээд байгаа. амин чухал асуудал аятай ХМХ-ээр багагүй ярьж, мэтгэлцэж, буруу зөвөө дуудалцсан. Хөөрхий тэр хөшөө. 
Дэлхийн 2-р дайнд дайснаасаа зугтааж яваа цэрэг зүлэг тойрч гүйж байсан гэдэг, музей мэт хотынхоо баримлуудыг хайрласандаа хорогдох байр луу зөөж байсан гэдэг, бөмбөгдөж сүйрүүлэхээс нь айсандаа бууж өгсөн гэх мэт  урлагийн бүтээлийг хайрласан, хүндэтгэсэн яриа бишгүй бий. Яахав зарим нэгийг нь хачирлаа л биз. Гэхдээ л тодорхой хэмжээгээр энэ ярианууд үнэний ортой байгаа. Гэтэл бид нураана аа, зайлуулна аа гээд яриад сууж байдаг. Хажууд нь байгаа Чингисийг ч гэсэн нураачих. Байгаа юмыг балгас болгохдоо сайн юм чинь.  Гэтэл хятадууд нэгэн цагт өөрсдийг нь удирдаж байсан Манж хааны ордныг яасан их хайрлаж байна вэ? Түүхийг бид өөрчилж чадахгүйгээс хойш өсөрхөөд яахын бэ? 
Муу хужаагийн сайн талыг олж харцгаая. 

 


Бичсэн: amur | цаг: 23:50 |
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих