2011-02-18
Аюултай барилга
Нүд ирмэх зуур өндөр сайхан барилга баригдаж байгаа нь сайхан ч барилгын стандартыг хангасан нь бараг үгүй болж дээ.  Мэдээгээр зөвшөөрөлгүй барилга баригдаж байна, Зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ илүү зайд барчихлаа, анх авсан зөвшөөрлөөсөө өөр зориулалтын барилга барьсан байна. Стандарт шаардлагуудыг огт хангахгүй байна гэсэн мэдээлэл байнга гарах юм. 
Сонсоод байхад нэг юм сонирхолтой санагдана. 
Манайх чинь эзэнгүй улс биш шүү дээ. Ниргэсэн хойно нь хашгирав гэгдэг шиг 10, 20-н давхар барилга баригдсан дараа нь энэ чинь зөвшөөрөлгүй, тэр чинь стандарт хангахгүй байна энэ тэр гэх юм. Барилга барина гэдэг чинь нэг цул юм аваад нэг мөсөн тавьчихдаггүй байлтай. Анхнаас нь бүрэн эрхийнхээ хүрээнд хураагаад цуцлаад, хориод байж болдоггүй юм уу ?  Бас явц дунд нь  шалгалт шүүлэг зөндөө л явагдах ёстой. Ямар материалаар яаж барьж байна, даац нь ямар байна, чанартай зөвшөөрөгдөх материалаар хийж байна уу? гм олон зүйл баймаар юм.  Хахуул авчихдаг байхгүй юу л гэх юм. Хууль чинь яасын?, стандарт чинь яасын? төрийн албан хаагчийн бүрэн эрх чинь яасын? төрийн төмөр нүүр чинь яасын?
Ер нь хүүхдийн тоглоомыг устгаад, эвдлээд ойр орчимд дахь айлуудын цонхыг халхалж, машин орох , тавих зайгүй болтол нь дураараа барилга бариад байгаа нөхдүүдийн өөрийнх нь тэр хашааг нураахад яадгийн?
Талбай дээр жагсаж байгаа суулт хийж байгаа, хоногийн хоолоо олох гэж  гадаа оймс зарж байгаа хүмүүсийг болохоор стандарт, өнгө үзэмж, хууль дүрэм, зөвшөөрөл энэ тэр ярьж байгаад цагдаа нараар хөөлгөдөг. Бараа таваарыг нь хураадаг. Торгодог. Хэнд нь үйлчилдэг хууль вэ? Нэг улс чинь нэг хуультай байж тэр хуулиндаа иргэн бүр захирагдах ёстой биш билүү? эсвэл анги давхарга, ажил мэргэжил, нас хүйсээр нь ялгасан олон төрлийн хууль байдаг юм уу?
Ер нь нэгэнт л чанарын шаардлага хангахгүй байгаа барилгыг нураахад яагаад болохгүй гэж? Баригдаад дуусчихсан байх энэ тэр ямар хамаатай юм. Чанаргүй барилгаас болж бүгдээрээ хохирч байна.
Та бид сонсож байсан. Хоёр хүүхэд сумо гэж тоглож байгаад нэгнээ хана руу түлхчихсэн чинь хажуу айлдаа орчихсон. Хүндрүүлэгчтэй сейф гэртээ тавьсан чинь шал нь цөмрөөд доод айлруугаа орчихлоо. Ариун цэврийн өрөөний бохирын шугам нь арзайтлаа ил гараад ирчихсэн, байнга бөглөрч доод давхрын айлуудын жорлонгоор хальж гардаад байна. Бороо, цас орохоор таазаар нь нэвтэрч байна. Орцын шат нь хөдөлдөг. Орцонд нь айлууд нь орж дуусаагүй байхад эхнээсээ будаг нь хуурдаг гэх мэт олон зүйл бий. Энд хүний амь эрстэхгүй гэсэн баталгаа хаа байгаа юм бэ?
Анхнаасаа  сая ч хүрэхгүй хүний зориулалттайгаар төлөвлөгдсөн хотод өнөөдөр сая гаран хүмүүс амьдарч байна.  Дулааны шугам сүлжээ нь ачааллаа яаж даах болж байна. Тэдний буруу биш шүү дээ. Чадах чинээгээрээ байдаг хүчээрээ  ажиллаж байгаа. 40 000 айлын орон сууц энэ тэрээс нь болж  хуучин халуун дулаан байсан байруудын халаалт муудсан. 40 000 айлыг дэмий зүйл гэж байгаадаа биш.
Ядаж 40 000 айлын орон сууцаа хангалттай халаах боломжтой болсон хойно нь барих хэрэгтэй юм биш үү?
Монгол газаргүй болчихсон юм шиг байгаа хэдэн барилга дундуур юм нөхөж байгаа аятай чихэж бариад байх юм. Тэлж болно оо доо.
Замбараагүй байгуулалтаас болж эдийн засаг, эрүүл мэнд, аюулгүй байдал зэрэг юм юмаараа хохирч байна. Барилга барьж байгаа нөхдүүд ч өөрсдөө хохирч байгаа. Хэн хэн нь мэдсээр байж яагаад өөрчилж болдоггүй юм бэ гэсэн асуултаар түр төгсгөе.   


Бичсэн: amur | цаг: 11:05 |
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих